15-18 настай хүүхдийн хөгжлийн онцлог
Бие махбодын хөгжил
- 15 насны үед хөвгүүд өндөр болж, охидын өсөлт харин удааширч эхэлнэ. Биеийн хөгжлийн энэ онцлог нь их хоол идэхийг нэхэх ч гадаад байдалдаа анхаарал тавихын хэрээр их бага янз бүр хооллодог болно. Мөн өөхөн давхарга сууж эхэлдэг тул зарим нь таргалахаасаа айж хоол идэхгүй байж ч магадгүй. Гэвч хоол шиг чухал зүйл байхгүйг ойлгуулж, зөв, хооллохыг зөвлөөрэй.
- Биеийн өөрчлөлт, бэлгийн хөгжил, эрүүл мэндийг сонирхоно. Энэ үед зөв, үнэн мэдээлэл, зөвлөгөө туйлын чухал бөгөөд хэрэгтэй, үнэн зөв мэдээллийг охидод ээж нь, хөвгүүдэд аав нь өгөх нь тун чухал.
Оюун ухааны хөгжил
- Сэтгэн бодох чадвар нь илт сайжирна. Тэр хэрээр хийсвэр бодол, романтик сэтгэлгээ нэмэгддэг тул шүлэг, дуу, зохиол бичиж, зураг зурж эхэлнэ. Хааяа төсөөлөлдөө автаж их бага худал ярьж магадгүй. Ийм үед нь “Зохиолч л болохгүйгээс хойш дэмий юмаар оролдлоо!” гэх мэтээр гоочилж болохгүй. Харин хөөрч худлаа ярих үед нь багахаан заль гаргаж “тэнгэрээс буулгаж, зөөлөн газардуулах” хэрэгтэй.
- Сонирхол нь өргөжнө. Тиймээс хүсэл сонирхол нь ойр ойр өөрчлөгдөж магадгүй. Жишээ нь багш болно гэж ярьж байсан хүүхэд чинь хэдхэн хоногийн дараа сансрын нисгэгч болно гэж ярьж ч магадгүй. Энэ үед нь тогтворгүй, туйлбаргүй мэтээр зэмлэж болохгүй.
- Тэд хүн, хүмүүсийн харилцаа, дүрэм журам, хүний амьдралын утга учир, нийгэм, хорвоо ертөнц гээд бүгдийг танин мэдэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Энэ хэрээр дүрэм журмыг эсэргүүцэж, өөрийн үзэл онолыг тогтоох гэж оролдоно. Гадуур явж, юм юмыг сонирхож, туршиж танин мэдэхийг хүснэ. Энэ үед нь “Чи юугаа мэддэг юм бэ? Мэдэх нас чинь болоогүй. Гадуур тэнэлээ. Саваагүйтлээ!” гэж загнаж болохгүй. Тэгвэл “Надад итгэдэггүй!” гэж бодох болно. Ертөнц, аливаа зүй тогтлыг танин мэдэх хүсэлд нь тулгуурлан шашны мэдлэг, зан заншлын утга учрыг ойлгуулахад тохиромжтой үе. Гэвч тулгах, сүрдүүлэх, айлгах, мухраар шүтүүлж болохгүй. Аль болох утга учрыг нь тайлбарлаж, шинжлэх ухаанчаар хүргэхийг хичээх хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.
Нийгэмшихүйн хөгжил
- Аав ээж, багшийнхаа үгэнд ордог сайн хүүхэд чинь эсрэгээрээ өөрт нь тушаасан, заасан, захирсан хүмүүст дургүй болно. Өөрийн үзэл бодолтой болж эхэлдэг тул сэтгэл санаа, үзэл бодлоо хамгаалж маргамхай болдог. Энэ үед нь “Аавын чээж гаргалаа!” гэж загнаж болохгүй. Тэд тантай тэрсэлдээгүй, оронд чинь эзэн суух гээгүй. Зүгээр л том болж байгаагаа мэдрүүлж, мэдэрч, сэтгэлийн таашаал авч байгаа төдийхөн. Ийм үед тэвчээртэй байж, тохиромжтой үед нь эвтэйхэн тайлбарлаж хэлээрэй.
- Их бухимдуу болдог. Учир нь бие нь томорч, дуу хоолой нь өөрчлөгдөнө. Гадаад байдал нь хүссэнээр нь болохгүй. Ядаж байхад батга гарна. Зарим хүн хүүхэд шиг, зарим хүн том хүн шиг харьцана. Энэ бүхэн тэдний гайхширлыг нь төрүүлж бухимдуулна. Гэвч энэ үе тийм ч их удахгүй. Эцэг эх, гэрийнхэн нь тэвчээртэй хүлээж, сайн ярилцах хэрэгтэй.
- Нийгмийн мэдрэмж нь нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлнэ. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авна. Иймд, хэт ахадсан үүрэг хариуцлага хүлээлгэхээс болгоомжилж, өөртөө итгэх итгэлийг нь дэмжээрэй.
- Маш завгүй нас. Өрөөндөө, эсвэл хаа нэг газар ганцаараа байгаа хүүхэд чинь зүгээр суугаагүй. Яагаад гэвэл тэдэнд бодох хийх юм мундахгүй их. Тэд өөрийгөө хэн болох, ирээдүйд хэн байхаа мэдэх гэж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ байнга бодно. Ялангуяа ирээдүйгээ тархиндаа бүтээхэд их цагийг зарж байгаа. Тэд бие хүн гэдгээ мэдэрч, өөрөө өөрийгөө бүтээх гэж байгаа тул та хэрэгт нь оролцох гээд хэрэггүй. Харин ч тэд танаас өөр хүн болохыг хичээж байгаа тул та аав ээжийх нь хувиар биш, үеийнх нь найзын хувиар харилцаарай. “Би чам шиг байхдаа...” гэж хэлж бүүр болохгүй. Яагаад гэвэл цаг үе өөр болсон.
- Өөрийн мөн чанарыг мэдэхийн тулд юм юмыг туршихад бэлэн нас. Бусдыг дуурайх нь энгийн үзэгдэл. Дуурайх хүнээ олж ядаж байгаа энэ насныханд үлгэр жишээ болохоор хүний тухай ярьж, кино үзвэл сайн. Гэвч тулгаж болохгүй шүү.
- Эрх чөлөөг тунхаглагч нас. Гэрийнхнээсээ илүү найз нөхөдтэйгөө хамт байхыг хүснэ. Яагаад гэвэл тэд өөр шиг нь бодож сэтгэх хүнийг хайж байдаг. Мөн бие хүн болох хүсэл нь ч нөлөөлдөг. Тэр хэрээр гэрийнхнээсээ хамааралгүй байхыг хүсэж зарим нь гэрээсээ их бага хугацаагаар явж ч мэднэ. Гэвч удахгүй. Ийм үед нь уурлаж гомдолгүй хайж эрсэн хүн нь байгаад зогсохгүй үеийнх нь найз, дотны зөвлөгч нь байгаарай.
- Тэдний 70 хувь нь шилжилтийн насны онцлогийн талаар эцэг эхээсээ мэдээлэл авахын хүсдэгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс эцэг эхчүүд энэ насны онцлогийн талаар нарийн мэдээлэлтэй болж урьдаас бэлдэх хэрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол нэг л өдөр нэвтлэхийн аргагүй зузаан хана боссон байна гэж бодоорой. Үнэхээр тэгсэн бол сэтгэл зүйчид хандаарай.
- Юм юмыг сонирхож, танин мэдэх хүсэл нь буруу замруу ч халтируулж магадгүй. Иймд мансууруулах бодис, архи, тамхи, мөрийтэй тоглоом, компьютерт донтох, цахим гэмт хэргийн золиос болох зэргийн хор гэмийг сайн таниулаарай. Гэвч хашраах, айлгах, сүрдүүлэх, торгох, шийтгэх аргыг хэрэглэж огтхон ч болохгүй. Харин өөртэй нь ярилцаж хэзээ юу хийхийг нь тогтоож, байнга завгүй байлгаарай. Энэ нь муу зүйлээс хол байх хамгийн сайн арга. Гэвч хэт шахамдуулж бас болохгүй.
2016-03-30 02:46