6-9 настай хүүхдийн ерөнхий онцлог- Бие махбодын хөгжил, оюун ухааны хөгжил, нийгэмшихүйн хөгжил

6-9 НАСТАЙ ХҮҮХДИЙН ЕРӨНХИЙ ОНЦЛОГ

Бие махбодийн хөгжил

  1. Том булчингууд нь илүү хөгжиж эхэлснээр гар хөл нь уртсан бие нь хурдан өсөж эхэлдэг. Энэ нь хүүхдээс их хөдөлгөөн шаарддаг тул модонд авирах, дээс тоглох, үсрэх, гүйх, биеэсээ хэтэрсэн ажилруу зүтгэх, хурдан шаламгай болох зэрэг өөрчлөлт орно. Иймд эцэг эх нь энэ бүхэнд хүлээцтэй хандаж, аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй.
  2. Том булчингууд хөгжих ч гар, хуруу, бугуй, хэл зэрэг жижиг булчингуудын хөгжил дөнгөж эхэлж байдаг тул нарийн чимхлүүр ажилд муу, юманд эв дүйгүй байдаг. Иймд эцэг эх нь эв хавгүй байлаа гэж загнахгүй байх хэрэгтэй. Бас эв дүйтэй болгох гэж ахадсан зүйл хийлгэх хэрэггүй.
  3. Харааны чадвар бүрэн хөгжөөгүй байдаг тул жижиг бичсэн зүйлийг уншуулах, нарийн хошуутай харандаа, үзгээр бичүүлэх нь харааг нь муутгадгийг эцэг эх анхаарах хэрэгтэй.
  4. 7 наснаас нь ясан шүд нь гарч эхэлнэ. Имйд сүү цагаан идээ их хэрэглүүлж, ам, шүдний эрүүл мэндийг нь анхаарч эхлэх хэрэгтэй.
  5. Том булчингууд ид хөгжиж байгаа учир телевиз удаан үзэх, компьютероор удаан тоглох нь биеийн хөгжилд нь муу нөлөөтэй. Мөн хэл ярианы хөгжил, бусадтай харьцах чадвар эзэмшихэд нь муугаар нөлөөлнө. Иймд хүүхдийн телевиз үзэх цагийг тогтоож, гэр бүлээрээ үздэг нэвтрүүлэгтэй болох хэрэгтэй.

 

Оюун ухааны хөгжил

  1. 6 настай хүүхэд тоглох нас, юмыг шууд хүлээж авах сэтгэлгээнээсээ салаагүй байдаг тул аливаа юманд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж, ямар ч юмыг биеэрээ мэдэрч байж илүү сурдаг.
  2. Хүүхэд 7 настайдаа тоглох насныхаа үеэ бодвол юманд арай бодитой төсөөлдөг болно. Гэвч нарийн үнэлж дүгнэж чадахгүй.
  3. 6-7 насанд уншиж, бичиж сурна. Энэ насны охидууд уншиж бичих, хөвгүүд тоо бодох сонирхолтой байдаг.
  4. Хүүхэд 7 настайгаасаа тоо, ширхэгийг ойлгож, 100 хүртэл тоолж чаддаг болно.  Энэ үеэс хүүхдэд хэрэглээний мөнгө өгч болно. Гэвч 8-9 нас хүртэл өөрийгөө хянах чадвар нь хөгжөөгүй байдаг тул өдрийнх нь л мөнгийг өгөхөд болно.
  5. Хүүхэд 8 наснаасаа цаг хугацааны ойлголттой болдог. Энэ үеэс ойрын ирээдүйн талаар хөгжилтэй маягаар ярилцаж эхэлбэл сайн.
  6. Тоо, цагийн талаар ойлготтой болсон хүүхэд 9 настайгаасаа эхлэн мөнгө, түүний ашиг тусыг мэдэхийг хүснэ. Иймд эцэг эхчүүд долоо хоногийн хэрэглээний мөнгийг нь өгч өөрөөр нь төлөвлүүлж сургах хэрэгтэй.
  7.  8-9 насанд уншиж бичиж сурсан байдаг тул үгийн баялаг сайжирч хэл яриа нь  хурдан хөгждөг. Энэ үед хүүхэдтэйгээ ярилцах, зөв бичиг, хэл найруулгын алдаагүй муу нөлөөгүй ном уншуулж харилцан ярилцаж байх хэрэгтэй. Ойр дотных нь хүмүүстэй танилцуулан яриулж байх хэрэгтэй.

Нийгэмшихүйн хөгжил

  1. 6-7 настай хүүхэд бодож үнэлгээ хийхээсээ илүү мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх нь илүү байдаг тул уурлах, баярлах, уйлах, инээх, айх, атаархах зэрэг ааш занг их гаргана. Гэвч өөрөө үнэлж дүгнэх, цаг хугацаа, орон зайн ойлголттой болох насруугаа шилжиж байгаа тул эцэг эх нь энэ бүхнийг тайван өнгөрөөж, аливаа юмны учрыг тайлбарлаж хэлж байх хэрэгтэй.
  2. 6-9 насныхны гол онцлогийн нэг нь бүгдийн анхаарлын төвд байх хэрэгцээ. Иймд магтуулах, хайрлуулах, үнэлүүлэхийг хүсдэг. Иймээс 6-7 насныхан нэгнээ ховлох мэтээр аав ээж, багшаараа магтуулах гэж оролддог. Мөн эд зүйл, тоглоом, гэрийнхнийгээ магтаж, сайрхаж ярих, гайхуулах нь элбэг. Ийм учраас эцэг эх нь илүү их хайрлан халамжилж, цаг гаргаж байх хэрэгтэй.
  3. Бусдын анхааралд байхыг хүсэхийн хэрээр аав ээжийнхээ хайрыг бусадтай хуваалцахыг хүсэлгүй бусдаас харамлан уурлаж ундууцах үе гарна. Жишээ нь дүүд нь илүү их анхаарах, бусдын хүүхдийг магтах, өөрийг нь анхаарахгүй бай гэх мэт. Иймд эцэг эх үүнийг нь энгийнээр хүлээж авахын зэрэгцээ анхаарлаа бууруулж болохгүй.
  4. Үеийнхээ хүүхдүүдтэй хамт байж, тоглож эхэлснээр өөртөө итгэх итгэл нь дээшилдэг. Өөртөө итгэхийн хэрээр хүүхэд бүртэй найзлах бус, өөрийн бүлгийг үүсгэж хамт байхыг эрхэмлэнэ. 8 настайдаа найз нөхдийнхөө ялгааг олж харна, хамтдаа тоглоно, өөрийнхөө эд зүйлийг хуваалцана, тоглоомдоо дүрэм тавина. Улмаар өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох чадвар нь хөгжиж эхэлнэ. Найз нартайгаа тоглохдоо тэднийг ойлгох, зан аашинд нь тохируулан харьцаж эхэлнэ. Иймд эцэг эхчүүд найз нөхөдтэй болох, хамт тоглохыг нь дэмжиж, хэрхэн харилцахыг нь хэлж зөвлөх хэрэгтэй.
  5. 6-9 настай хүүхдийн гол шинэ зүйл нь сургуульд орох явдал. Сургуульд орсноор багшийн үг, даалгавар, дүрэм, журам гэсэн хэм хэмжээнд захирагдах болно. Сурах, дүүгээ асрах, гэрийн ажилд туслах зэрэг үүрэг хариуцлагыг хүлээж эхэлнэ. Жишээ нь “гэрийн даалгавар хийх” гэдэг цоо шинэ ажил үүрэгтэй болно. Даалгаврыг нь сайн хийлгэх гэж хэт зүдрээж болохгүй. Гэрийн даалгавар хийхэд олон улсын жишгээр 6 настангууд  өдөрт 45-90 минут, 7-9 настангууд 90 минутыг зарцуулдаг.  Хэт их цаг хичээл хийх, гэрийн даалгавар хийлгэх гэж эцэг эх нь загнах, үглэх, эсвэл өмнөөс нь хийж өгвөл хариуцлагагүй, зальтай, ажлаас хойш суудаг, шантрамтгай хүн болно. Харин эцэг эх нь хүүхдэдээ үүрэг хариуцлага гэж юу болохыг ойлгуулж, тусалж, зоригжуулах хэрэгтэй.
  6. Энэ насныхан аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж ажвах, сэтгэлийн хөдөлгөөнөөр хандах, даган дуурайх үеэс бодох, оюун ухаанаараа үнэлж дүгнэх үерүүгээ шилжиж, цаг хугацаа, орон зайн баримжаатай болж эхэлж байгаа тул  “Чи сурах ёстой!” гэж муйхраар хэлж болохгүй. Ингэвэл сурах сонирхлыг нь бууруулж, хүсэл тэмүүллийг нь мохооно. Харин хичээл, эрдэм мэдлэг хэзээ ямар хэрэгтэйг нь хэлж,  амьдрал дээр жишээлэн тайлбарлаж дадал эзэмшүүлэх хэрэгтэй.  Мөн энэ үед эцэг эхчүүд хүүхэд бүр өөр өөрийн хөгжлийн онцлог, оюуны хурдтай  гэдгийг ойлгож хүүхдийнхээ онцлогийг таньж, бусадтай харьцуулахгүй байх нь туйлын чухал. Хүүхдээ муу сурлаа, даалгавар хийсэнгүй гэж зодож, загнах, хүчээр, хэт их цагаар хичээл хийлгэж болохгүй.
  7. Хүүхэд сургуульд орж, нийгмийн харилцаанд орж эхлэх үеэсээ хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөнийг ажиглаж, юу бодож байгааг нь бодож  эхэлдэг. Иймд эцэг эх нь хийсэн зүйлийнх нь буруу зөвийг тайлбарлан хэлж, өөртөө юу бодогдсоноо илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь даалгавраа хийгээгүй учраас уурласан, дүүгээ сайн харсан учраас баярласан гэх мэт. Үүний дүнд бусдын хандлагаас өөрийнхөө зөв, буруу зүйл хийснээ мэдэж авна.
  8. Энэ насныхны, ялангуяа 6-8 насны хүүхдийн хийсвэр сэтгэлгээ бүрэн хөгжөөгүй байдаг. Иймд зөгнөлт, аймшгийн, харгис икино, мэдээ мэдээлэл үзүүлж, сонсгож болохгүй. Үүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж оролддог. Үүнээс болж эрсдэлд өртөх аюултай.

 

 

 

2016-03-30 01:12