Анхаарал төвлөрөх бол амжилтын анхны дүрэм юм. Хүн болгон дотоод их чадвартай байдаг. Харин энэ чадвараас хүн бүхэн анхаарал хандуулсан хэмжээгээрээ ашигладаг. Анхаарлаа төвлөрүүлж нэг зүйлд хандуулах нь тархины хүчийг ашиглах боломжийг олгоно. Анхаарлаа нэг зүйлд хандуулж чадсан үед мэдрэмж, дотоод мэдрэмж нэгдэн зорилгодоо чиглэдэг. Жишээ нь зурагт асаалттай, чимээ шуугиантай орчинд хийх нь үр ашгийг бууруулдаг. Ийм байдалд анхаарал үе үе сарнин өөрөө мэдэлгүй зурагт үзэж, бусдын ярианд автдаг. Иймээс үр дүнтэй хичээлээ давтахын тулд чимээгүй ба ганцаараа байх хэрэгтэй.
Хичээлээ давтахдаа анхаарлаа сарниулахгүй байхын тулд дараах зүйлд анхаарах хэрэгтэй.
1. Хичээл давтахад тохиромжтой орчныг бүрдүүлэх
Хичээл давтах газар эмх цэгцтэй, цэвэрхэн ширээ сандалтай, аль болох тайван, намуун, гэрэлтэй, агаартай орчин байх хэрэгтэй. Тусгай газар олдохгүй бол тохиромжтой газар бүрт хичээлээ давтаж хэвших хэрэгтэй. Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог. Хичээл хийх өрөөгөө сайн агааржуулах хэрэгтэй.
2. Хичээл хийх төлөвлөгөөтэй байх
Төлөвлөгөөтэй хичээл давтахын үр ашиг:
Бүх зүйлээ хийх цаг гарган, илүү их сонирхолтойгоор хийхэд тусална.
Ямар хичээлээ давтахаа шийдэх гэж цаг алдах, нэгийг эхлэн, нөгөөг хаях зэргээс сэргийлнэ.
Хичээл бүрдээ хангалттай цаг зарцуулсан гэсэн итгэл төрүүлнэ.
Шалгалтандаа тулгаж бэлдэх, сандарч догдлохоос сэргийлнэ.
Сурах сэдвийг богино хугацаанд шахахаас илүүгээр удаан, үлдэцтэй сурахад тусална.
Эцэг эхийн хооронд таны хичээлийн талаар маргаан гарахаас сэргийлнэ.
Тодорхой төлөвлөгөө гаргах нь өөрийгөө хичээлдээ бүрэн зориулахад тусална.
Төлөвлөгөө зохиохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?
Хичээлээ давтах цагаа тэнцүүл, нэг хичээлийг удаан давтвал бусад хичээлд цаг үлдэхгүй. Өдөрт хэдэн цаг хичээл давтах нь сурагч бүрийн суралцах чадвар, ерөнхий мэдлэг зэргээс хамаарч өөр байдаг. Урд нь хичээл давтдаггүй байсан сурагч бага багаар давтаж эхлэх хэрэгтэй. Ер нь хичээл давтахад 4-5 цаг шаардлагатай байдаг бөгөөд хэрэгцээнээс хамаарч ихсэж, багасаж болно.
Хэт удаан хичээллэх эсвэл удаан завсарлаж, бага давтах зэрэг нь үр дүнгүй. Харин 40- 50 мин давтаад 5- 10 мин амрах нь тохиромжтой байдаг.
Төлөвлөгөөндөө хичээл давтах цагаа гаргахдаа тухайн хичээлийн онцлог болон өөрийн байдал зэргийг харгалзах хэрэгтэй юм.
Адил хичээлийг цувуулж хийлгүйгээр тооны хичээлийн дараа унших, бичих зэрэг хичээлээ давтах нь илүү үр дүнтэй байдаг. Хүнд хичээлээ хялбархан ойлгож болох цагт давтах хэрэгтэй. Судалгаанаас үзвэл өглөөний цаг, үдээс хойш 14- 16 цагийн хооронд болон унтахын өмнөх цагууд дахин давтахад тохиромжтой байдаг бөгөөд мэдээж сурагч бүхэнд өөр байдаг.
3. Хичээл давтахын өмнө гүн амьсгалын дасгал хий. Ингэснээр бие махбодын өмнөх байдал өөрчлөгдөн ухаан санаа суралцахад бэлэн болно.
4. Анхаарлаа төвлөрүүл
Хамгийн гол нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Дуртай, сонирхолтой сэдвээ давтахад анхаарал бүрэн төвлөрдөг. Тогтмол нэг газар хичээллэх, чимээгүй намуун орчинд сандалд суун хичээллэх, дараалал гаргах, бүрэн дуусгахаар шийдэх зэрэг нь анхаарал сарнихаас сэргийлдэг. Анхаарал төвлөрөх хугацааг уртасгахын тулд хэрэглэж болох хамгийн сайн арга бол ном унших дадал эзэмших юм. Ном унших дадалтай хүмүүсийн анхаарал сайн төвлөрдөг тул хичээл хийхэд амархан анхаарал нь төвлөрдөг.