Харааны бэрхшээлтэй цөөхөн хүүхэд л энэ асуудлаа эцэг эхдээ хэлж, илэрхийлж чаддаг.
Хүүхэд энэ бэрхшээлээ хэлж мэдэхгүй, өөрөө анзаарахгүй бол үүнийг эцэг эхчүүд өөрсдөө олж илрүүлэх ёстой.
Ихэнх тохиолдолд гярхай эцэг эхчүүд өөрсдийн ажиглалтын үр дүнд ийм асуудлыг илрүүлж мэргэжлийн эмчид ханддаг.
Хэрвээ танай хүүхдэд дараах шинж тэмдэгүүд илэрч байгаа бол та хүүхдээ нүдний эмчид үзүүлээрэй.
* Харааны бэрхшээлээс үүдсэн өдөр тутмын үйл хөдлөл байгаа бол. Жишээ нь: хүүхэд тань байнга салаглаж, барьсан зүйлээ алдаж, ямар нэгэн зүйлийг барьж авч чадахгүй унагаж, бүдэрч унаж, юм мөргөж байгаа бол таны хүүхдэд харааны асуудал байж болзошгүй юм.
* Хүүхдийн байнгын нүүрний хувирлаас гадна байнга нүдээ онийж, жижигхэн болгож, ямар нэгэн зүйлийг харах гэж хичээхдээ нүүрээ үрчийлгэж байгаа бол.
* Нойр хүрснээс бусад үед нүд нь хорсож, загатнаж, нүдээ нухаж байгаа бол.
* Гэрэлд хэт мэдрэмтгий байх. Гэрэл өөд харж чадахгүй, тавгүйтэх.
* Үе үе дахин давтагдах толгой, нүдний өвдөлтүүд.
* Байнгын нүдээ анивчих.
* Нүд нь хавагнах, үрэвсэж, өвчлөөгүй хэрнээ улайх, ихээр нуухтах.
* Уйлаагүй хэрнээ нүдэнд нь байнга нулимс цийлэгнэх, ус гүйх.
* Хараа тогтоогүй мэт байнга ийш тийш гүйлгэж хардаг нүд, эсвэл хэт гадагш товойж гарсан хэлбэртэй нүдтэй бол.
* Илүү сайн харахын тулд толгойгоо нэг тийш нь гудайлгаж байгаа бол.
* Солир харах эсвэл нэг зүйлийг хоёр болгож харах.
* Ном, сэтгүүл, тоглоом болон бусад зүйлсийг илүү сайн харахын тулд нүүрэндээ наах шахам ойртуулж байгаа бол.
* Тоглож наадахаас өөрөөр зурагтыг их ойроос үзэх гэж зүтгээд байдаг бол.
* Тавгүйтсэн байдлаар байнга нэг нүдээ аниад байвал.
* Ажиглалт, хараа шалгасан бүх арга хэмжээнээс зугатаж байгаа бол.
* Хүүхдийн нүд жижиг том, хоёр нүдний хөдөлгөөн зэрэг биш, өөр өөр байгаа бол.
* Өнгөө таньж мэддэг хэрнээ хооронд нь ялгахдаа муу байгаа бол.
* Зурагт, ном үзэхдээ хэтэрхий ойрхноос харснаас болж дотор нь муухайрч, толгой нь эргэж байгаа бол.
* Хоёр нүдний хөдөлгөөн хоорондоо уялдаагүй байгаа бол.